Анх төмсийг Өмнөд америкийн индианчууд 14 мянган жилийн тэртээгээс байгалийн зэрлэг байдлаар нь хэрэглэж байсан гэдэг. Харин испаничууд Америк тивийг нээсэн цагаас буюу 1565 оны үеэс европ тив рүү зөөвөрлөн авчирсан байна. Тэр цагаас хойш өнөөг хүртэл төмс нь хүнсний хамгийн чухал бүтээгдхүүн болсон бөгөөд 300 гаруй нэр төрлийн хоол хийдэг хамгийн хэрэгцээтэй таримал хүнсний ногооны нэг болжээ.

Маш олон төрөл буюу багцаалбал тавь гаруй мянган сортын төмс байдаг ч үндсэн дөрвөн төрөлд хуваагддаг байна. Үүнд: хүнсний, техникийн, үрийн, бүх чиглэлийн. Эдгээрээс хамгийн түгээмэл хэрэглэдэг нь хүнсний зориулалттай бөөрөнхий хэлбэртэй төмс. Энэ сортын төмсний 12 – 16 хувь нь крахмал буюу цардуул, С аминдэмийг агуулдаг. Харин техникийн зориулалттай төмсний крахмал нь харьцангуй их 18 хувиас дээш агууламжтай байдаг юм.

Хүнсний зориулалт бүхий төмс нь хүний биед онцгой ач холбогдолтой. Цусны даралт бууруулах, ходоодны шарх үрэвсэл, гэдэсний түгжрээ, түлэгдлийн шарх болон арьсны намарс буюу экземийг эмчлэхэд уламжлалт ардын эмнэлэгт өргөн хэрэглэж ирсэн. Үүнээс гадна төмс нь бөөрөнхий байцаа, шар луувангаас хоёроос гурав дахин илүү илчлэг, калорлог чанартай байдаг юм. Төмсийг тариалахад нэг булцуунаас олон төмс хурааж болдог тул маш ашигтай. Тиймд хэрхэн тарьж ургуулах талаар танд бяцхан зөвлөгөө хүргэе.